Гэтэж буй бар, Нуугдаж буй луу 2000 онд бүтээгдсэн тулааны урлагийн кино. Америк, Хятад, Хонг Конг, Тайвань улсуудын хамтран бүтээсэн энэ киног Эн Ли найруулж, Чоу Юн Фат, Мишель Иоу, Жан Зиеи, Чан Чэн нарын жүжигчид тоглосон. Киног тулааны урлагийн зохиолч Ван Дулугийн хятадад Crane Iron Pentalogy хэмээн танигдсан таван цуврал зохиолын дөрөв дэх зохиолоор бүтээжээ. Киноны тулааны хэсгүүдийг Юэн Во Пин тавьжээ. Үргэлжлэл ангийг 2015 оны наймдугаар сарын 28-нд дэлгэцэнд гаргана гэсэн байна. Арван долоон сая ам.долларын өртгөөр бүтсэн Гэтэж буй бар, Нуугдаж буй луу кино 213,5 сая ам.долларын орлого олсон амжилт гаргасан. Америкийн зах зээлээс 128 сая ам.долларын орлого олсноороо Америкийн түүхэн дэх гадаад хэл дээрх хамгийн өндөр орлоготой кино болжээ. Тус кино 40 гаруй шагнал хүртсэний дотор Академийн шагнал гардуулах ёслолд “Шилдэг кино” зэрэг зургаан төрөлд нэр дэвшсэнээс “Гадаад хэл дээрх шилдэг кино” (Тайвань) тэргүүтэй дөрвөн төрөлд ялалт байгуулсан. Мөн БАФТА-гийн дөрөв, Алтан Бөмбөрцөгийн хоёр шагнал тус тус хүртжээ. Эдгээр амжилтаас гадна тус кино Америкт хамгийн их нөлөө үзүүлсэн шилдэг гадаад кинонуудын нэгээр шалгарсан. Үзэгчид киноны зураглал, тулааны үзэгдэл, өгүүлэмж, найруулга, хөгжмийг хамгийн ихээр шагшжээ.